top of page
Search

Цагаачлалын сүүлийн үеийн бодлого

  • Writer: Dalai Saruul-Erdene
    Dalai Saruul-Erdene
  • Jan 21
  • 2 min read

Updated: Jan 21

Трампын засаглалын дор цагаачлалын бодлогод ноцтой өөрчлөлтүүд орж, олны дунд тодорхой бус нөхцөл байдал үүсээд байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Доналд Трамп нь АНУ-ын нутаг дэвсгэрт төрснөөр иргэн болдог эрхийг хүчингүй болгох захирамж гаргалаа. Энэхүү эрх нь АНУ-ын Үндсэн хуулийн 14-р нэмэлтээр буй болсон түүхтэй билээ.

Юуны өмнө төрснөөр иргэн болох эрх нь Үндсэн хуулийн эрх болохыг хүн бүр ойлгож байх нь маш чухал. 14-р нэмэлт нь АНУ-ын нутаг дэвсгэр дээр төрсөн хүн бүр АНУ-ын иргэншил хүртэхийг нэн тодорхой, хоёрдмол утгагүйгээр зааж өгдөг юм. Гүйцэтгэх захирамж нь цагаачлалын бодлогод нөлөөлж болох ч Үндсэн хуулийг бол давж чадахгүй. Үнэхээр энэхүү захирамжийг ажил хэрэг болгоно хэмээвээс хууль эрх зүйн нэн урт хугацааны маргаан тэмцэл үүдэх бөгөөд ямар ч өөрчлөлт ирээдүйд гарлаа гэсэн богино хугацаанд, шууд хэрэгжих боломжгүй билээ. Айл өрхүүд мэдээлэлд ойр байж, ирээдүйд ямар өөрчлөлт гарч болох, тэр нь гэр бүлд тань хэрхэн нөлөөлж болохыг хуулийн мэргэжилтнүүдтэй зөвлөн ярилцаж байх хэрэгтэй.


Томоохон хотууд дахь Цагаачлалын Албаны баривчилгаа

Албадах, хүч хэрэглэх үйл ажиллагаа идэвхжих магадлалтай энэ цаг үед өөрсдөө санаачилгатай байж, гэр бүлээ, хүрээлэл, хамт олноо хамгаалах арга хэмжээ авч байх нь зүйтэй. Үүнд:


1.        Эрхээ мэд! Үндсэн хуулийн эрх байдгийг мэддэг байх хэрэгтэй. “Эрхээ мэдье” гэсэн кард байдаг. Хэрэгцээ шаардлага гарвал тэр кардан дээрх мэдээллийг Цагаачлалын албаны хүмүүст хэлэхэд бэлэн, гарын доор байлгаж байх хэрэгтэй.

2.        Урьдчилан төлөвлө! Онц байдал тохиовол хэрхэх төлөвлөгөөгөө гэр бүлтэйгээ ярилц. Үүнд Цагаачлалын албаныхан ороод ирвэл тэдэнтэй хэрхэн харилцах, саатуулагдсан тохиолдолд хэнд хандах зэргээ ч оруулан, тохирсон байвал сайн.

3.        Хуулийн үйлчилгээ, зөвлөгөө ав! Цагаачлалаар мэргэшсэн хуульчтай ярилцаж, учир байдлаа таниулж, бүх төрлийн гарц бололцоог эрэлхийл. Суугаа орон нутгийн тань болон хууль эрх зүйн тусламжийн байгууллагууд мөн иргэдэд тусалж чадна.

4.        Холбоотой, мэдээлэлтэй бай! Орон нутгийнхаа цагаачлалын зөвлөгөө өгөх төвүүдтэй харилцаж, бодлогын өөрчлөлт, баривчилгаа албадлагын үйл ажиллагаа, тус дэм болж чадах байгууллага, хувь хүн зэргийн талаар байнгын мэдээлэлтэй байх хэрэгтэй.    

 

Дүгнэлт

Цагаачлалын өнөөгийн уур амьсгал нь ард түмэнд амар бусаар тусаж байна. Гэвч мэдээлэлтэй байх нь байдлыг эрс өөрчилж чадахыг анхаарна уу! Энэхүү бүрхэг цаг үед та ганцаараа биш шүү гэдгээ ойлгон, чиглүүлэх, хөтлөх хүч бас буйг ухаараарай. Асуулт гарвал орон нутгийнхаа хууль эрх зүйн найдвартай, нэр хүндтэй байгууллага, хуулийн мэргэжилтнээс тус дэм, чиг баримжаа аваарай!    

       

 
 
 

Recent Posts

See All
Трампын захирамжийг хориглов

Хууль, эрх зүйн нэгэн чухал үйл явдал болсон нь: Холбооны шүүгч Ерөнхийлөгч Трампын төрснөөр иргэн болох эрхийг үгүй болгосон зартай...

 
 
 

Comments


bottom of page